2026/01/24

“Баянхошуу хот орон сууцжуулалт” төслийн II ээлжийн 226 айлын барилга угсралтын ажил үргэлжилж байна

info@inder.mn
13 цаг 22 минутын өмнө

Нийслэлийн гэр хорооллыг байгаль орчинд ээлтэй, ухаалаг дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон өөрчлөх "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвд үргэлжилж байна. Азийн хөгжлийн банк (ADB) болон Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр хэрэгжиж буй тус төсөл нь нийслэлийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх цогцоор шийднэ. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд нийт 55 га талбайд 5000 айлын орон сууц барина. Төслийн нэгдүгээр үе шатанд Баянхошууны 5.5 га талбайд 462 айлын орон сууц барихаас эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. II ээлжийн 226 айлын 6 блок барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувийн явцтай байна.

Шархад дэд төвийн 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төлөвлөгөөт графикийн дагуу үргэлжилж байна. Тодруулбал, S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, 76 айлын хоёр блок 50 орчим хувийн явцтай байна. Төслийн хүрээнд саарал усыг дахин ашиглах системийг нэвтрүүлснээр ахуйн хэрэглээний усыг боловсруулж, ариун цэврийн байгууламжид эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн нь усны нөөцийг хэмнэх бодит шийдэл болжээ. Түүнчлэн ухаалаг дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хослуулснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүргэж байна. Төсөл бүрэн хэрэгжиж, нийт 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор 8000 яндан, 5000 нүхэн жорлонг устгах бөгөөд энэ нь нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна