2024/04/20

З.Мэндсайхан: Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн төвлөрлийг сааруулах хэрэгтэй

info@inder.mn
2022/05/16


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаныхан Зүүн Ази, номхон далайн бүсийн захирал Бэнуа Боске, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хүнсний хангамж-аюулгүй байдал, шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төсөл, малын гаралтай түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн парк, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйг эрхлэх гэсэн чухал сэдвээр хэлэлцэж, харилцан санал солилцсон юм.

Сайд З.Мэндсайхан Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл 2020 оноос хойш амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлээд энэ төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай тул Дэлхийн банкны зүгээс анхаарал хандуулахыг хүсэж байгаагаа хэллээ.

Мөн шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төслийг малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт түлхүү чиглүүлэхэд анхаарах хэрэгтэйг ч мөн төлөөлөгчдөд хэлсэн юм.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн зүгээс вакцин худалдан авах, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн улс орон даяар хэрэгжүүлэх “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг цаг үеэ олсон, маш оновчтой арга хэмжээ болохыг төлөөлөгчид онцолсон юм. 

Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 30 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд Дэлхийн банкны үзүүлж буй дэмжлэг үр дүнтэй болж байна. Тухайлбал, Хөдөө аж ахуйн маркетинг төслийг 2013-2018 онд хамтран хэрэгжүүлж амжилттай дуусгасан бол “МАА-н ЭЗЭН” төсөл 2020 оноос хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр байна. Тодруулбал, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилт ихээхэн хүндэрсэн. Зудын сөрөг нөлөөллийг сөрж зогсох, даван туулахад уг төслийн Болзошгүй онцгой нөхцөлд хариу арга хэмжээ авах 4-р бүрэлдэхүүн хэсэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Зудын өндөр эрсдэлтэй 5 аймгийн 45 мянга гаруй малчин өрхөд 18 гаруй мянган тонн малын хүчит тэжээлийг хүргүүлсэн нь цаг үеэ олсон чухал дэмжлэг болж, малын зүй бус хорогдлыг 60 хүртэл хувиар бууруулж чадсан гэсэн тооцоо судалгаа гарсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна