2026/04/07

МӨНГӨТЭЙ БАЙХЫН ЗОВЛОНГ ЭДЭЛЖ БУЙ Б.ДЭЛГЭРСАЙХАН

info@inder.mn
2 цаг 21 минутын өмнө

Мөнгөтэй ах нар моданд орж, охид бүсгүйчүүдийн хүсэмжит залуугаар тодорч байсан үе ард үлдэж, улс төрийн намуудын хүсэл тачаалынх нь эзнээр тодордог болоод удаж байна.

Мөнгөтэй байх хэцүү, мөнгөгүй байх нь бүр хэцүү гэдэг зовлонг туулж, мэдэрч яваа хүн бол өнөөгийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Энэ яваа насандаа олон сайхан бүсгүйг баярлуулж, өврөөрөө дүүрэн үр хүүхэдтэй гэдэг хов яриа энд сонин биш. Харин эрх баригч намын ууган санхүүжүүлэгч хэзээнээсээ байж ирсэн, өглөг авлагыг сайдын суудлаар тохирч ирсэн гэх шуум л сонин байна.

 

Эрдэмтэй бол эрдэмтэй, мэдлэгтэй бол мэдлэгтэй, мөнгө байвал мөнгө байна. Ийм хэр хэмжээтэй хүнд угтаа бол МАН-ын санхүүжүүлэгч гэх нэр зүүж явах зохимжгүй мэт.  Харамсалтай нь, дуудах нэрийг эцэг, эх өгч, дурсагдах алдрыг өөрөө олж авдаг нь үнэн юм хойно, яалтай. Тиймээс л энэ цагийн улс төрийн тогоонд өөрийн гэсэн этгээд, хэгжүүн хийгээд чамин ёдор зан, үйл хөдлөлөөрөө тодоос тод гэрэлтэж буй эрхэм сайд Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ гэдгийг тольдъё.

 

Тэрбээр Дорноговь аймагт төрж мэндэлсэн. НАХЯ-ны НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ дэргэдэх Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөөд аймгийнхаа Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаас тасгийн даргаар ажиллаж байжээ. Улмаар “Болд төмөр Ерөө гол” ХХК зэрэг компанийн захирлаар ажиллаж байгаад хожим 2016 онд төрийн түшээ болжээ.

Монголчуудад тэр дундаа Улаанбаатар хотынхонд өдөр тутамд тулгамдаж буй зовлонг хамгийн сайн ойлгож, мэдэрч, бүр шаналж яваа хүн бол сайд Б.Дэлгэрсайхан. Учир нь тэрбээр 2023-2024 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, залгуулаад Зам тээврийн сайдаар өнөөдрийг хүртэл торохгүй тодорч, сайдын суудлаа бат хамгаалж яваа сүйхээтэй бас зайтай нэгэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Г.Занданшатар, Н.Учралын Засгийн газар гээд гурван Ерөнхий сайдын галыг манаж буй улс төр-бизнес хослуулсан олигархийг нэрлэ гэвэл Б.Дэлгэрсайхан сайдаас өөр тодрох нь нэгээхэн үгүй.

МАН-ын хамгийн үнэ цэнтэй боловсон хүчин, улстөрчөөр тодорсон түүнд хөөрхөн хурган хэгжүүн зан бий. Энэ оны эхээр  “Монголын төмөр зам” ТӨХК дээр туслан гүйцэтгэх компаниудын гүйцэтгэлийн хөлсийг төлөөгүйтэй холбоотой уулзалт хийх үеэр "Энэ өр ширийг хэн төлөх юм бэ" хэмээн асуусан туслан гүйцэтгэх компаниудын төлөөллийн өөдөөс "Ажил хийсэн мөнгийг чинь өгөх гэж байгаа болохоос загнуулах гэж энд ирээгүй шүү. Чамаар загнуулах гэж ирсэн юм уу. Аятайхан байгаарай. Чамайг гуйж ажиллуулаагүй. Яривал бас ярина шүү" хэмээн өндөр дуугаар зандраад авсан.

Б.Дэлгэрсайхан сайд ийн ганц нэг удаа дээр өнгөөр дуугарч, дээрэлхүү зангаа гаргаагүй. Эргэн сануулахад, Өнгөрсөн 2025 оны есөн сард асуулт асуусан сэтгүүлчийн өөдөөс "хуц" хэмээн ёс зүйгүй авирласан байдаг. Үүний улмаас МСНЭ уучлал гуйхыг шаардаж, албан бичиг хүргүүлж байсан. Мөн Ёс зүйн байнгын хороогоор түүний зохисгүй авирыг хэлэлцэж, эцэст нь Record.mn сайтаас Б.Дэлгэрсайхан сайд уучлалт гуйж дууссан. Гэсэн ч нэг ч сэтгүүлчид гомдож, тунин цагдаад гомдол гаргаж явсангүй, ингээд бодохоор зангаргатай гэж харагдахаар.

Гэсэн ч тухайн үед Засгаас “хөөгдөх” сайдын нэрс дунд түүний нэр дээгүүр цохиж явсан ч нэг л мэдэхэд танхимд эргээд орж ирсэн. Шалтгаан нь өнөөх л намын санхүүжүүлэгч гэх юм билээ, үнэн эсэхийг мэдэхгүй. Нам доторх яриа, худал бол өөрөө нотлох биз.

Юутай ч, “Хангийн боомтод асар том газар эзэмшиж, тээвэр ложистикийн монополь дархан эрхтэй “Ханги эко логистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг гэх. Бүр “Ханги эко логистик” ХХК-ийг анх "Болдтөмөр ерөө гол" ХХК-ийн байранд байгуулж, 2023 оны гуравдугаар сарын 27-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн гэх баримтыг сэтгүүлчид дэлгэж байв. Үүнээс өмнө нь Сэлэнгийн Төмөртэйн ордоос хятад руу гаргадаг төмрийн хүдрийг Б.Дэлгэрсайханы замаар, зөвхөн Б.Дэлгэрсайханы вагон,чингэлгүүдээр зөөдөг гэх нийтлэлийг нийтлэлч Даваадорж бичиж байв.

Энэ мэтчилэн Б.Дэлгэрсайхан сайдыг тойрсон мэдээллийг түүгээд байвал барагдахгүй. Сайны хажуугаар саар гэдэг ч гэлээ, юм болгоныг харлуулаад байж болохгүй. Хаа нэгэнтээ хийсэн, бүтээснийг нь дурдаж,  басхүү магтаж, сайшааж байх нь зүйн хэрэг.

Тиймдээ ч сайд Б. Дэлгэрсайхан 2026 онд хэрэгжүүлэх, хамгийн чухал гэж үзсэн дөрвөн ажлаа нэрлэсэн байдаг.

Тэрбээр

  • Хөшигтийн хөндий-Багахангайн төмөр замыг энэ онд дуусгана.
  • Монгол Улсын агаар дээгүүр дамжин өнгөрч буй олон улсын нислэг, Монголд бууж хөөрч байгаа нислэгүүдийн аюулгүй байдлыг хангах, ИНЕГ-ын харьяа навигацын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
  • Дөрвөн аймгийг олон улсын нисэх онгоцны буудал болгож, үйлчилгээ үзүүлнэ.
  • Төрийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар барих, өмнөх онд тавигдсан замын ажлуудыг гүйцээнэ гэж ам гарсан.

Улстөрчдийн хувьд амлалт гэдэг зүйл бол бэлэн гоймон шиг аманд нь сагаж байдаг зүйл. Б.Дэлгэрсайхан сайд ч гэсэн тэдэн шиг үлээгээгүй гэж найдъя. Тэгж найдах шалтгаан бий. Учир нь тэр бол мөнгөтэй ах. Мөнгөтэй байхын зовлонг өдөр бүр мэдэрч яваа сайд хүн. Хийчих байх гээд найдаад хүлээж сууя даа.

 

 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна