2026/04/03

​С.Бямбацогт гишүүнээ, та эрх мэдлийн төлөө хэт улаараад байгаа юм биш үү?

info@inder.mn
1 цаг 49 минутын өмнө

Нэг намын зодоон нийт монголчуудын зовлон болоод 2 жилийн нүүр үзлээ. 

Энэ хугацаанд парламентын 2 даргаа унагасан бол дагаад нийгэм, эдийн засгийн үзүүлэлт элгээрээ мөлхөж, авлигын индекс 10 гаруй байраар хойш шидэгдэв.

Улстөрчдөд эгэл ардаас илүү эрх мэдэл чухал гэдгийг батлан харуулж буй энэ мөчид дараагийн Их Хурлын даргаар тодрохоор өдөр, цагаа тэсэн ядан хүлээж буй С.Бямбацогт инээдтэй гэмээр нэг зүйлийг чуулганы индэр дээрээс өнөөдөр хэлчихэв.

Учир юу гэвэл, парламентын дарга нь нам бус зохицуулалтыг АН-аас 2025 оны 11 дүгээр сард өргөн барьсан.

Даанч тэр хуулийг нь МАН хав дарчихсан.

Азаар гэх үү, эзээр гэх үү. МАН-ын эрх мэдлийн төлөөх зодоон нь АН өнөөх хуулийн төслөө хэлэлцүүлэх боломж олгоод байгаа нь парламентын шинэхэн даргаар тодрохоор алгаа имэрч суусан С.Бямбацогтод гай болоодхов. 

Тодруулбал, Улсын Их хурлын чуулганы үеэр шинэ даргыг хэлэлцүүлэхгүйгээр шууд сонгодог байх заалтыг хуульд тусгах тухай лүндэнг төрийн эрх мэдэлтнүүд парламентын гишүүдэд өгсөн юм байна. 

Тэр дагуу УИХ-ын гишүүд кнопоо дарснаар Үндсэн хуульд өргөсөн тангаргаасаа няцсан юм байна.

Тэрийг нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр батлаад, нотлоод хэлчихэв.

Гэтэл хамгийн инээдтэй нь хэзээ, хэдийд, хэний гараар дамжаад, яагаад ийм хуулийн заалт орж ирээд бүр батлагдсаныг би мэдэхгүй гэх ухааны юмыг С.Бямбацогт гишүүн ярьж байгааг хараад ёстой л хөх инээд хүрнэ гээч болов.

Парламентад 2008 оноос хойш тасралтгүй суусан "бурхи" атлаа, бүр хаана, ямар утгатай, ямар ашиг хонжоотой хууль, хуулийн заалт орж ирж байгааг гаргаахгүй, газардуулахгүй өлгөж авдаг улстөрч атлаа УИХ-ын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгоноо гэдэг заалтыг мэдээгүй байна гэдэг байж боломгүй хэрэг.

Яг эндээс л эрхэм С.Бямбацогт гишүүн маань эрх мэдэлд дуртай юм байна. Өөрт болоод фракийнх нь эрх ашгийг хамгаалах ямар ч асуудал байсан нүдээ аньж чаддаг юм байна.

Тэрийг нь ч Н.Номтойбаяр гишүүн бас л инээж байгаад хэлчихсэн. 

Яагаав.... "С.Бямбацогт гишүүнээ, та бид 2 яадаг байлаа" гээд сошильд бөмбөг дэлбэлэх үгийг...

За тэгээд өөрийнх ч, өрөөлийн ч амнаас унагасан эл үгнүүдээс дүгнэж хэлэхэд С.Бямбацогт гишүүнээ, та эрх мэдлийн төлөө хэт улаараад байгаа юм биш үү. Айж ичих нүүртэй байсан нь дээргүй юу гэж хэлье даа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна