Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулав.
Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Чехийн талаас Үйлдвэр худалдааны яамны Тэргүүн захирал Мариан Пиеха нар даргалав.
Хуралдаанаар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэх, Монгол, Чехийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, хөдөлмөр, нийгмйн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, нийгмийн хамгааллын чиглэлээр байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг өргөн асуудлаар ярилцаж, хуралдааны дүн бүхий прокотолд талууд гарын үсэг зурлаа.
Хамтарсан хорооны наймдугаар хуралдаанд чехийн талын төлөөлөгчдийг ахалж Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй Чех Улсын Үйлдвэр худалдааны яам, Байгаль орчны яам, Хөдөө аж ауйн яамны албаны төлөөлөгчид оролцов. Мөн хуралдааны хүрээнд Монгол-Чехийн бизнес форумыг МҮХАҮТ-д зохион байгуулж байгаа бөгөөд чехийн талаас барилгын зураг төсөл, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, өмгөөллийн фирм, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр зуучлал, тээвэр, логистик, зээлийн даатгал, зөвлөгөө үйлчилгээ, зэрэг салбарын 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна