“Ургана” брэнд Япон улсын шүдний мэргэжилтнүүд, “Mongolia Rotary Yoneyama”, “Alumni Association”, “Kosega Dent”, “Индранил” шүдний эмнэлэг хамтран Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой “S-DH” сайн дурын төслийн хэрэгжүүлэн 1000 хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, шүдний оо, сойзны хэрэглээгээр бүрэн хангаж ажиллаа.
“S-DH” сайн дурын төслийн 3 дахь удаагийн хэрэгжилтийг энэ оны тавдугаар сарын 26- 28-ны өдрүүдэд Япон улсын 16 эмч төлөөлөгч, Монгол талын 15 эмч төлөөлөгч болон сайн дурын нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаа.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 39, 79-р сургуулийн 1,2-р ангийн 750 сурагч, Төв аймгийн Эрдэнэ сум, Баяндэлгэр сумуудын ЕБС-ийн 1,2 ангийн 300 сурагчдад амны хөндийн үзлэг, оношилгоонд хамрагджээ.
Япон Монголын хамтарсан S-DH төслийн баг: Монголын нийт хүүхдийн дунд шүд цоорох өвчлөл 99.9 хувьтай байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна
Шүдний өвчлөлийн улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин эмгэг үүсдэг. Гэтэл манай улсад 10 хүүхэд тутмын 9 нь ямар нэг байдлаар шүдний цооролттой, амны хөндийн өвчлөлтэй байна гэсэн судалгааны дүгнэлт байдаг.
ЯПОНЫ S-DH САЙН ДУРЫН ТӨСЛИЙН БАГИЙН АХЛАГЧ, НҮҮР АМ СУДЛАЛЫН ЭМЧ: АИХАРА КАЦҮЁРИ:
Монгол хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн үзлэг хийхэд ямар өвчлөл давамгайлж байна вэ?
Монгол хүүхдүүдийн дунд шүдний хорхойтол, цоорох өвчлөл их байгааг хараад гайхлаа. Хүүхдүүдийн хувьд ихэнх нь өдөрт 1 удаа шүдээ угаадаг ба өглөө, өдөр, орой тогтмол шүдээ угаах дадал төлөвшөөгүй байна.
Асуудал болоод байгаа шүд цоорох өвчлөлд хэрхэн анхаарвал зүйтэй вэ?
Манай Япон улсад хүүхдүүдийн шүдний хорхой гэж байхгүй, маш бага хувьтай болсон. Үүний нэг шалтгаан нь Японд шүдний эмчээс гадна “шүдний эрүүл ахуйч нар” гэж байдаг, эдгээр хүмүүс нь шүдний өвчлөлийг бууруулахад хамгийн өндөр хувь нэмэр оруулсан гэж үздэг Монгол улсад шүдний эрүүл ахуйч нар их хэрэгтэй байна гэж харсан. Мөн хүүхдүүдэд багаас нь шүдээ тогтмол зөв угаах дадлыг суулгах нь маш чухал байна гэж харсан.
Хүүхдийн шүдний цооролд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг ч нэн тэргүүнд шүд угаах дадал суугаагүй байгааг Япон улсын шүдний мэргэжилтнүүд, эрүүл ахуйч нар онцолж байна. ЯПОНЫ S-DH САЙН ДУРЫН ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮН, ЭРҮҮЛ АХУЙЧИЙН ЗӨВЛӨГӨӨ:
Эцэг эхчүүдэд хүүхдийн шүд арчилгааны талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
Монгол эцэг эхчүүд бага наснаас нь эхлэн хүүхдүүддээ шүд угаах дадлыг энгийн бөгөөд тогтмол дадал болгон хэвшүүлэх нь нэн чухал санагдлаа. Хүүхдүүд шүд угаах нь чухал зүйл гэдэг дадал суугаагүй байна.
Шүд арчилгааг энгийн зөв хийхэд юунд анхаарах вэ?
Хүүхдийг дөнгөж шүдний сойз барьж эхэлж байх үеэс сойзыг зөв бариулах, зөв аргачлалаар угааж сургах нь маш чухал. Энгийн мөртөө энэ дадал насан туршид нь суудаг шүү дээ.
“S-DH” сайн дурын төслийн хувьд энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид 5 хүртэлх жил үргэлжлэн эдгэр 1000 хүүхдийн эрүүл ам арчилгааны дадлыг суулгаж, жил бүр давтан үзлэгийг хийх ба 2025 онд төслийн үргэлжлэлийг “Ургана” брэнд болон “Индранил шүдний” эмнэлэг хамтран зохион байгуулан жилд 2 удаа, эдгээр 1000 хүүхдүүдэд давтан үзлэг, оношилгоог үргэлжлүүлэх юм. Ингэснээр хүүхдүүдийн амны хөндийн нөхцөл байдалд бодитой нөлөөлөн гарч, буй үр дүнг хянаж, сайжруулах бүрэн боломжтой юм.
Эрүүл ирээдүйн төлөө уриатай “Ургана” брэнд Монгол улсын хэмжээнд ард иргэдийн 95%-д тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50% хүртэл бууруулж, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүд цоорох өвчлөлийг 50% бууруулах” гэсэн урт хугацааны зорилт дэвшүүлэн жил бүр энэхүү сайн дурын төслийг өргөжүүлэн, тасралтгүй хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөндөө тусгаад байна. Уг төслийн хүрээнд "Ургана" брэнд Япон улсын эмч мэргэжилтнүүдийн хамтаар 1000 эрүүл бяцхан шүдний төлөө хамтран ажилласандаа таатай буйгаа илэрхийллээ.
Монгол хүүхдүүдийн инээмсэглэл эрүүл, гэрэлтсэн байхын төлөө “Ургана” брэнд цаашид ч шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, дадлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилласаар байх болно гэдгийг онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна