2025/06/04

"МОНГОЛЫН ГОВИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ" ФОРУМД ОРОЛЦОГЧИД САНАЛАА НЭГТГЭЖ, ХОЛБОГДОХ ЯАМДАД ИЛГЭЭЛЭЭ

info@inder.mn
Өчигдөр 19 цаг 45 минут

Монгол Улс 1993 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогоо тодорхойлж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, НҮБ болон дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн. "Биологийн олон янз байдлын олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал" форум 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулагдлаа. Тус форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Монголын ан агнуурын холбоо хамтран анх удаа говийн бүсэд зохион байгуулж оролцогчоор Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгийн байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж байгууллага, ТББ-ын төлөөллүүд хамрагдлаа. 


Форумыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан хэлсэн үгэндээ “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2001 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ нь зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийн суурь болох биологийн олон янз байдлыг ойлгож, үнэлж, хамгаалах дэлхийн хэмжээний уриалга юм. 


Энэхүү форумаас говийн бүсийн биологийн олон янз байдлыг хамгаалах, байгальтай зохицсон тогтвортой хөгжлийг тодорхойлох, мэдлэгээ хуваалцах, шинэ түншлэлийг бий болгосон үр дүн гараасай гэж хүсэж байна" хэмээн онцоллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг "Биологийн олон янз байдлын конвенцын хэрэгжилт, чиг хандлага" сэдвээр мэдээлэл өглөө. Монгол улсад байгаль орчны бодлого сүүлийн 2 жилд сайжирч байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нэмэгдсээр байгааг онцоллоо. 

2030 он гэхэд Өнө мөнхийн дэлхийн түншлэл дэлхий дахинаа 600 сая га газрыг тусгай хамгаалалтад авна. Харин Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 14 сая га буюу нийт газар нутгийн 9 хувиар нэмэгдүүлж, зорилтот 30 хувьд хүргэх зорилготой байгаа юм. 


Энэ удаагийн "Биологийн олон янз байдлын олон улсын өдөр"-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал" форум нь онцлогтой зүйлс хэд хэд байсны нэг нь “Монголын ан агнуурын холбоо” ТББ өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон явдал байлаа. “Монголын ан агнуурын холбоо” ТББ-ын тэргүүн Р.Самьяа "Биологийн олон янз байдлын үнэ цэн, ач холбогдол" сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр: “Хүн төрөлхтөний амьдрал бол байгалиас бүхэлдээ хамааралтай. Бид байгалиас бүх зүйлээ үнэгүй авч байгаа. Цэвэр агаар, цэнгэг ус. Үүнийг бий болгож байгаа зүйл бол эрүүл саруул эко систем. Эко систем хэвийн байснаар маш олон янзын үр шимийг хүртсээр байна. Бидний хэрэглэж байгаа хоол хүнс, эмийн ургамал, хувцас, байшин барилга гээд бүгдийг эх дэлхий, байгаль орчноосоо хүртэж байгаа гэдгээ хүн төрөлхтөн даяараа ойлгож хүн бүр байгальдаа ээлтэй, хариуцлагатай байгаасай гэдгийг уриалъя” хэмээн хэллээ.


Мөн “Монголын ан агнуурын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал н.Магсаржав “Биологийн олон янз байдал дундаа хүний ашиглалтанд өртөөд байгаа зүйл амьтдыг нөхөн сэргээх, хамгаалах бодлого төрийн хэмжээнд тусгах ёстой. Үүний тулд хууль, эрхзүйн зөв зохицуулалт хийгдээсэй хэмээн хүсэж байна” хэмээн онцоллоо. 


Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат "Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөө"-г танилцууллаа.

"Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгжийн зохицуулагч С.Амартүвшин " Байгаль орчны салбарын санхүүжилт" сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Улс орнуудын нэгдсэн төсвийн зардалд эзэлж буй байгаль орчны салбарын зардал, хувиар 2023 оны байдлаар салбарын нийт төсвийн зардлын 42 орчим хувийг цалин, хөлс болон нэмэгдэл урамшлын зардал эзэлж байна. 2015-2023 оны хооронд урсгал зардал дөрөв дахин, хөрөнгийн зардал гурав дахин өссөн гэдгийг тэмдэглээд Монголын байгалийн өв сангийн талаар цаашид хэрхэн ажиллах ямар ач холбогдол өгөөжтэйг дэлгэрэнгүй танилцууллаа.


"Монгол орны уулын туруутны тогтвортой ашиглалт ба хамгаалалтын менежмент: Боломж ба сорилт" сэдвээр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Д.Мөнхнаран, ХААИС-ийн багш, Монголын ан агнуурын холбооны гүйцэтгэх захирал Э.Магсаржав нар тус тус илтгэл тавилаа. 


Мөн форум зохион байгуулагч Өмнөговь аймгийн хувьд төдийгүй Монголын говьд усны нөөц, хангамжийн асуудал хурцаар тавигдаж буй асуудлуудын тэргүүнд тавигдаж буйг форумд оролцогчид онцлож байлаа. Говийн бүсийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад говийн усны нөөц хүрэхгүй, усны гачаалд орох эрсдэлтэйг эрдэмтэд судалгаагаар нотолж, сануулсаар байгаа. 

Монгол орны усны нөөцийн 80% нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус байдаг аж. Гэтэл хамгийн бага хорьхон хувийн нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байна. "Говийн бүсийн усан хангамжийн тулгамдаж буй асуудал" салбар хуралдаанд оролцогчид 2026-2036 оны усан хангамжийн асуудлаар говийн бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг эрэмбэлж, бодит төсөв болон хүний нөөцийн мэдээлэл гаргах, говийн бүсийн сумдад хөв цөөрөм байгуулах тухайн орон нутагт тохирсон зураг төсөв хийх, уул уурхайн компаниуд болон томоохон ус ашиглагч хэрэглэгчдийн тооцоог цаг тухайд нь төлүүлэх талаар саналаа нэгтгэлээ. Мөн мега төслийн усны судалгаа, ТЭЗҮ, ажлын зураг, газар доорх усны эрэл хайгуулын мэдээллийг шинэчлэх, ус ашиглагч аж ахуй нэгжүүд цооногийн тоон мэдээллийг бодитой гаргах, говийн бүсийн ус ашиглалтын бодит судалгаа гаргах, геологийн зураглалын тоо хэмжээг нэмэгдүүлэх, говийн бүсийн гүний худгийн тоон мэдээлэл гаргах, говийн бүсийн газрын доорх усан сан барих судалгаа хийх, аймаг, сумын төвийн томоохон барилга байгууламж дээр дээврийн ус хуримтлуулах байгууламж барих, хөв цөөрөм байгуулах, жилд 2-оос доошгүй хөв цөөрөм байгуулах төсвийг улсын төсөвт суулгах, төв суурин газрын ундны усны нөөцийн судалгаа хийх өртөг өндөр тул улсын төсвийн хөрөнгөөр хийж, нөөцийг тогтоох, говийн бүсийн сав газруудын хариуцсан газар нутгийн хэмжээ их, мониторингийн цооногууд, тэдгээрийн эвдрэл гэмтэл элбэг байдаг учраас 2026 оноос төсвийг нэмэх шаардлагатай байна. Усны мэргэжлийн байгууллагууд зөвшөөрөлгүй цооног өрөмддөг тул хариуцлагын тогтолцоог сайжруулах, ус ашиглах дүгнэлт гаргах үйлчилгээний хураамжийг нэмэх, рашаан сувилалд шаврыг их хэмжээгээр ашиглаж байгаа тул байгалийн нөөцөд оруулж, төлбөр хураамжийг тогтоох зэрэг санал зөвлөмжийг "Говийн бүсийн усан хангамжийн тулгамдаж буй асуудал" салбар хуралдаанаас гаргасан юм. 


"Байгаль хамгаалалд хувийн хэвшлийн оролцоо" салбар хуралдаанд оролцогчид байгаль хамгаалагчийн хүний нөөцийн дутагдалтай байгаа бөгөөд богино хугацааны сургалтаар байгаль хамгаалагч бэлтгэх, тэднийг ТҮ ангиллаар цалинжуулах, идэвхтэн байгаль хамгаалагч нарыг цалинжуулах талаар санал хүсэлтээ илэрхийлэв. 


"Байгалийн нөөцийн хамтын менежментыг сайжруулах" хуралдаанд оролцогчдоос хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтын менежментын эрх зүйн статусыг тодорхой болгох, хариуцлага ба урамшууллын механизмыг тусгах, орон нутгийн иргэдийн өмчлөл, ашиглалтын эрхийг хуульчлах, Амьтны тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тусгай сонирхлын аялал жуулчлалын тухай амьтанд ээлтэй зүйл заалтыг тусгах санал хүргүүлэхээр боллоо.


Орон нутгийн иргэдийн чадавхыг нэмэгдүүлэхийн тулд сургалт семинар, туршлага судлах уулзалт тогтмол зохион байгуулах, залуучууд, эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцуулах, байгаль хамгаалагч, нутгийн хяналтын баг бүрдүүлэх саналууд гарлаа. 

Форумд оролцогчид орон нутгийн тулгамдсан асуудлуудаа илэн далангүй ярилцаж, харилцан туршлага солилцон, санал хүсэлтээ нэгтгэж, төрийн бодлого шийдвэрт тусгуулахаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасанд гардуулан өглөө.


"Монголын говийн биологийн олон янз байдал" форумын оролцогчид биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой амьжиргааг дэмжих, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд нутгийн иргэд, нөхөрлөлүүд, төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө санал нэгдсэнээр чуулган амжилттай болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна