2025/03/13

УИХ ээлжит бусаар чуулах уу

info@inder.mn
2018/07/17

Хаврын чуулган завсарлаад хагас сар ч болоогүй байгаа. Гэвч УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдана гэх мэдээлэл баяр наадамтай зэрэгцэн дуулдав. Яаж улстөр ярихгүйгээр наадамлахав гэсэн шиг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэнхэр дэлгэцээр наадмын дараа УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, нээлттэй сонсгол хийнэ гэх мэдээллийг өгсөн.

Үүнийг эргэн тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус чуулган зарлуулах хүсэлтээ долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал, УИХ-ын дарга 14 хоногийн дотор хариу өгөх учиртай байдаг аж.

Ээлжит бус чуулган 60 тэрбумын асуудлаар АТГ-ын дарга болон прокурорын байгууллагын удирдлагуудын мэдээллийг сонсоно гэж байгаа юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэсэн гишүүд ээлжит бус чуулган хуралдуулахаар хүсэлт гаргасан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.

Гэвч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах өөр учир шалтгаан байгаа гэдгийг Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө зарим гишүүд илэрхийлж байсан билээ. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс эхлээд хэд хэдэн гишүүд хэлж байсан нь бий. Өнгөрсөн жилийн өдийнөөс эхлээд нийт ард түмнээрээ хот хөдөөгүй хэлэлцсэн Эцэг хуульд оруулах өөрчлөлтийг эцсийн байдлаар боловсруулж өргөн бариад байгаа бөгөөд өнгөрөгч намр, хаврын хоёр чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хэлэлцэлгүй өдий хүрээд байгаа юм.

Хэрэв энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ гэвэл цаг боломжийн хувьд тийм ч таатай биш. Учир нь намрын чуулган үндсэндээ хамаг анхаарал цаг боломжоо ирэх жилийн төсвийг хэлэлцэхэд зориулдаг. Энэ мэт учир шалтгааны улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бусаар хэлэлцэх нь илүү тохиромжтой байж мэдэх юм.

Д.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 25 гишүүний гарын үсэг зурсан ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт үндсэн зорилгоо мөнөөх гайт 60 тэрбумын асуудлаа эцэслэнэ гэсэн зорилготой гэж тодотгож байгаа. Энэ хүсэлтэд УИХ-ын дарга ямар хариу өгөх нь өнөө маргаашгүй тодорхой болох биз.

Үндсэн хуулийн 27-р зүйлийн 3-т “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн заалт бий. Тэгэхээр энэ удаад УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн гарын үсэг зурсан учраас ээлжит бус чуулганыг товлон хуралдуулах нь бараг тодорхой болж байх шиг. Гэхдээ хэлэлцэх асуудал, хуралдах өдөр тов, үргэлжлэх хугацаа зэргээ УИХ дарга товлож захирамж гаргана.

МАН-ын хувьд ээлжит бус чуулган Засгийн газартаа халтай байдгийг өнгөрсөн намрын явдал харуулдаг. Энэ удаад ч гэсэн ээлжит бус чуулган зарлавал Засгийн газраа ганхуулж мэднэ гэсэн болгоомжлол зарим нэгэнд байх шиг байна.

М.Нэргүй



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна