2024/11/22

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

info@inder.mn
2024/11/15

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8.1.4 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 9.1.9 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201 дүгээр зүйлийн 201.4 дэх хэсгийн “хувь” гэсний өмнө “үндсэн” гэж нэмж, мөн зүйлийн 201.6, 201.7 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” өөрчлөн найруулахыг; төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201.9 дэх хэсгийн “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт” гэж нэмэхийг; мөн зүйлийн 6 дахь заалтын 28.2.12 дахь заалтын дугаарыг “28.2.11” гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн “28 дугаар зүйлийн” гэсний дараа “28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12” гэж, мөн зүйлийн” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.3 дахь хэсгийн “олборлолт,” гэсний дараа “баяжуулалт,” гэж, “аюулгүй” гэсний дараа “булшлах” гэж тус тус нэмж,  мөн хэсгийн “гүйцэтгэх” гэснийг “гүйцэтгэж” гэж өөрчлөх саналтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.4.1 дэх заалтын “батлан мөрдөх” гэснийг “баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах” гэж өөрчилж, 34.4.2 дахь заалтын “нэн” гэснийг, 34.8 дахь хэсгийн “15.2.1,” гэснийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн бол мөн зүйлийн мөн заалтын 34.5 дахь хэсгийн “төрийн дансанд” гэснийг “Монгол банкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч Байнгын хороонд өгөв.

Төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн өгүүлбэр,” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 85 нь дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон  “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”” гэж өөрчлөн найруулахыг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн.

Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.

Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна