2026/04/04

Г.ЗАНДАНШАТАРЫН ТАВЬСАН СУМ

info@inder.mn
6 цаг 7 минутын өмнө

Засаг бүрдлээ, улстөржилт намжих нь гэж хүн бүр дотроо баярлаж, тайвширсан байх. Тэгвэл өнгөрсөнд өрнөсөн, ирээдүйд болох үйлдлээс ажвал улс төрийн зодоон яг одооноос эхэлж байна.

Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын кабинетын хаалгаар чихэж, бүр эгэл иргэдийн төдийгүй улстөрчдийн нүдийг бүлтийлгэсэн сайд.

Цагтаа Г.Занданшатар даргын баруун гараар тодорч, бүр хуулийн сайдыг нь хийж явсан Б.Энхбаярыг Засаг унах тэр мөчид улс төрийнх нь карьер дуусах нь гэж олон хүн баярласан. Баярласан хүмүүсийн дийлэнх нь саарал ордон дахь сэтгүүлчид.

Яагаад гэвэл, сав л хийвэл барина, цагдан хорино гэж сүрдүүлнэ. Сүрдүүлгээ хэрэгжүүлж, цагдан хорих 461 руу “ачуулна”, ачуулахыг завдана. 

Эс барвал хүн алж, хүрээ талсан гээд мэдэгдчинэ. Атал нотлоод, харуулчихсан нь нэгээхэн үгүй.
Ийм л нөхрийг шинэ үеийн залуусын төлөөлөл, саарал ордны тоосыг гөвөх залуу хэмээн тодотгосон Н.Учралын кабинетын үүдийг нь зад өшиглөөд, тооноор нь үсрээд ороод ирнэ гэж хэн санах уу. Тиймдээ ч бод идсэн боохоо гэдэг шиг сайд нарыг томилох парламентын хурлын үеэр УИХ-ын гишүүдийн өөдөөс хэг ёг хийн, өнөөх л сурсан зангаараа хэд хэдэн гишүүнийг гүтгээд авна лээ.
Харин энэ бүх хэргийн тохироог хийж, зургийг нь сурсан хүн бол мэдээж Ерөнхий сайд асан Г.Занданшатар.
Төрсөн нутаг болох Баянхонгор аймгаасаа 2024 оны сонгуулиар гарч ирээгүйдээ хэсэг шаралхсан. Дараа нь Их Хурлын дарга руу гэтсээр дараалаад 2 ч удаа томилогдчихсон зайтай эр.
Хэдий Ерөнхий сайдын сэнтийгээ залгамжлагч Н.Учралдаа өгсөн ч дахин нэг сум тавихаа мартсангүй.
Энэ нь өнөөх Б.Энхбаяр.
Г.Занданшатарын энэхүү үйлдлээс харахад Засгийн газрын хэрэг эрхлэх газар буюу эрх баригч МАН-ын гал тогоог атгасан Б.Энхбаяр дараагийн УИХ-ын дарга болоход нэг их гайхах юм алга. Гайхах ч хэрэггүй. Учир мэдэх хүмүүсийн хэлэх нь, Г.Занданшатар 2027 онд Ерөнхийлөгч болно, харин Б.Энхбаяр УИХ-ын дарга болохоор тохирсон гэх юм билээ.
Юмыг яаж мэдэх вэ. Улс төрд санаандгүй зүйл гэж үгүй гэж өмнө нь хэлсэн. Дүрэм ёсоор ирэх сонгуулийн зураглал гарсан, одоо хэрэгжүүлэх л үлдсэн. 
Г.Занданшатарын талаас эхнийхээ сумыг тавичихлаа, байгаа онох эсэхийг цаг хугацаа харуулна. Учир нь сум хананд ойж, тэнэчихгүй л бол шүү дээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна