2024/04/27

Барилгын цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулна

info@inder.mn
2022/01/13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

  • Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
  • “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов.
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаан энэ сарын 18-19-нд болно. Тус хуралдааныг цахимаар зохион байгуулна.  
  • Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арван хоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
  • Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 15-нд гарын үсэг зурсан “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна