2024/04/27

НАУРЫЗ баярын мэнд

info@inder.mn
2024/03/22

НАУРЫЗЫН ТҮҮХ

Наурыз буюу Хаврын баярыг тэмдэглэж ирсэн түүхийн тухайд Монголчуудын Цагаан сартай нэгэн адил замналыг туулсан гэж хэлж болохоор.

Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. 1990 оны Ардчиллын уур амьсгалаар үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Наурыз баяр өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий.

БАЯРЫН БЭЛТГЭЛ

Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, шинэ он буюу хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын өмнө үйлддэг зан үйлтэй нэлээд төстэй. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.

Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцгон малгай хийж, хээлж өгнө. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ. Эмэгтэйчүүд гэр орноо баяраар гоёх бөгөөд уран гартнаа гайхуулах нэг бололцоог бүгдэд олгодог.

“Шинэ онд арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр байвал тэр жилдээ өвчин зовлонгоос хол байна” хэмээн итгэж гэр орон доторх бүгдээ тос шороо, хир буртгаас арилган галаар ариутгана.

Залуус болон идэр насны эрс сахал самбайгаа авч, үсээ янзлах бол эмэгтэйчүүд хүүхдүүдээ усанд оруулан, хумсыг нь авч хир буртгаас нь салгана. Шинэ хувцсыг нь бэлтгэн, өөрсдөө ч өмсөх өмсгөл зүүлтээ бэлтгэнэ. Энэ нь шинэ ондоо хир буртаггүй, ариун орвол тухайн жилдээ тийм сайхан явах болно гэдэг бэлгэдэлтэй салшгүй холбоотой.

НАУРЫЗ ЭХЭЛЛЭЭ

Наурызын баярыг ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа /настнуудаа/ хүндэтгэнэ. Харин настнууд үр хүүхэд, залууст эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Учран золгохдоо “Наурыз” баяртай холбоотой хүндэтгэлийн ерөөлийн үг хэлцгээнэ.

Наурыз баярын мэнд! Идээ будаа арвин байг! зэрэг сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ерөөлийн үг хэлцгээнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна