2024/04/27

"Эко-сургууль/ цэцэрлэг" хөтөлбөрийн үндэсний VIII чуулган болов

info@inder.mn
2024/03/22

Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч олон улсын Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн Үндэсний VIII чуулган өчигдөр Монголын Хүүхдийн Ордонд боллоо. 

Үндэсний VIII чуулганы зорилго нь ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг сургалтын агуулга, арга зүй, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж амжилттай ажиллаж байгаа сургууль, коллеж, цэцэрлэгийн хамт олон, багш, сурагч, удирдах ажилтнуудын манлайлал, оролцоог урамшуулах, тэдний хамтдаа хүрсэн амжилт, туршлагыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх юм.

Чуулганд олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-т хамрагдаж буй сургууль, коллеж, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилтан, сурагч болон БОАЖЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн 400 гаруй төлөөлөл оролцсон.

Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/-ийн олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр” нь дэлхийн 102 улсын 50 мянга гаруй сургууль, коллеж, цэцэрлэгүүдэд хэрэгжиж 14 сая сурагч үр дүнг нь хүртэж байна.

НҮБ-ын боловсрол, байгаль орчны төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, олон улсын хэмжээнд хамтран ажиллаж байгаа юм.

Тус хөтөлбөрийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд салбар яамд болон түүний харъяа газрууд, аймгуудын ЗДТГ-аас бодлогын дэмжлэг үзүүлж, “Дэлхийн байгаль орчны боловсролын сан /FEE/”-ийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв НҮТТБ албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 355 ерөнхий боловсролын сургууль, 249 цэцэрлэг, 11 МСҮТ, коллеж хамрагдаад байна.

2023 онд “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж:

• “Хүрэл гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг 18 цэцэрлэг, 3 ерөнхий боловсролын сургууль, 2 МСҮТ;

• “Мөнгөн гэрэгэ” өргөмжлөлийн болзлыг 19цэцэрлэг, 2 ерөнхий боловсролын сургууль, 4 МСҮТ;

• “Ногоон туг” өргөмжлөлийн  болзлыг 21 цэцэрлэг, 12 ерөнхий боловсролын сургууль, 1 МСҮТ тус тус хангажээ гэж БШУЯ-наас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна