2024/04/27

Сургалтын үйл ажиллагаандаа музейг ашигладаг багш нар туршлага солилцлоо

info@inder.mn
2024/03/29

Нийслэлийн Боловсролын газар, Чингис хаан Үндэсний музей хамтран “Музейн интеграци хичээлийн арга зүй” сэдэвт уулзалт, семинарыг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд МУИС-ийн доктор багш нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, 11 дүгээр сургуулийн удирдлага, багш нар, “Их засаг” лицей сургуулийн судлагдахууны багш нар оролцож музейд зохион байгуулсан интеграци буюу хамтын хичээлийн талаар туршлага солилцов.

Гадаадын зарим орнууд 100 жилийн өмнөөс музейг сургалтад ашиглаж байна. Олон Улсад музейг сургалтад тогтмол ашигладаг нь орчин үеийн сургалтын шинэ систем болон хөгжсөөр байгаа юм. Уулзалтын үеэр Чингис хаан Үндэсний музейн Боловсрол олон нийттэй харилцаа маркетингийн хэлтсийн дарга Д.Эрдмаа нь АНУ, БНХАУ, ОХУ, Швед улсын жишээн дээр энэ талаар тайлбарлаж, Монголын боловсролын системд үүнийг суурьшуулах боломжийг судлах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа танилцуулав. Цаашид музей хамтын хичээлийн сургагч багш нарыг бэлтгэх зорилго тавьж ажиллаж байгаагаа мөн онцлов.

Харин нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх 2013 онд нийслэлийн Боловсролын газрын даргын А/27 дугаар тушаалаар анх “Музейн боловсролын хөтөлбөр”-ийг баталснаас хойш хэрэгжсэн хамтын хичээлийн талаарх судалгаа мэдээллийг хүргэв. 2013-2023 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 7 музейтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 21, 33, 39, 58, 117, Их засаг лицей, Монгени цогцолбор, Эрдмийн ундраа цогцолбор сургуулийн 4-8 судлагдахууны 38 багш нарын музей хамтын хичээлийг зохион байгуулж, давхардсан тоогоор 21 удаа хэрэгжүүлсэн байна.

Тус хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлэхдээ монгол хэл, уран зохиол, хөгжим, түүх, газарзүй, зураг дүрслэх урлаг, дизайн технологийн судлагдахуунаар зохион байгуулж байсан бол улмаар музейн тухайн үзмэр дээр тулгуурлаж сурагчдад өгөх мэдлэг мэдээлэл баяжигдсаар физик, математик, хими, биологи, эрүүл мэнд, гадаад хэл зэрэг хичээлүүд нэмэгдэж өргөжсөөр байгаа нь музей хамтын хичээлд хамаарахгүй хичээл, судлагдахуун гэж байхгүйг илтгэж байгаа юм.

Тухайлбал, сурагчид “Чингисийн чулууны бичиг” дурсгалыг музейд ирж үзээд үндэсний бичиг, дүрслэх урлаг, физик, түүх зэрэг олон хичээлийн мэдлэгээ бататгах боломжтой. Есүнгэ мэргэн физикийн ямар хуулийг ашиглаж 335 алд газар харвасан, уг дурсгалыг олсон газар хаана байдаг, чулуун дээр хэрхэн бичсэн, монгол бичгийн мөр тэтгэх зарчим гээд ярихад физик, газарзүй, технологи, үндэсний бичиг хичээлийг ганцхан үзмэр дээр бататгах жишээтэй.

Суралцагчид музейн хичээлд дуртай сонирхолтой, музейд заасан хичээлийг сайн ойлгож, хүлээн авсан байдгийг музей хамтын хичээлийн өмнө ба дараа нь сурагчдаас авсан судалгаа нотолж байгаа юм гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна