УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.
Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна