2024/12/04

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална

info@inder.mn
12 цаг 58 минутын өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон Европын Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн асар том давлагааг гэтлэх гол суурь нь хүчин чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл ч бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг бид эрэлхийлж байна. Түүнчлэн манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудлаар Францын “Талес Алена Спейс” компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо болон Чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэнэ” гэж дурдлаа.

Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг 2021 онд баталсан. Эдгээр хуулийг боловсруулахдаа Германы хуулийг чиглэл болгожээ. Ирэх жил Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын хуулийг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан мэдээллийг хувийн хэвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв.

Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс “Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Team Europe” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд цахим эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг, бодит шийдлийн дэмжлэгийг үзүүлдэг. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн Төв Азид дунд орбитын хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой. Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагуудаар дамжин иргэдэд хүрэх юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий болгож чадна” хэмээн онцоллоо гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна