Нацистын мэндчилгээгээр мэнчилж, үзэн ядсан үг хэллэг ашигласан, үйлдэл үзүүлсэн хүмүүсийг шоронд хорих хуулийг Австрали улс пүрэв гарагт баталсан байна.
Шинэчилсэн хууль нь тус улсад нэмэгдэж буй үзэн ядалт, хэт даврах зан үйлийг зохицуулах зорилготой гэж албаныхан үзэж байгаа ч, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд үзүүлэх нөлөөллийн талаарх санаа зовнил нэмэгдэж байна.
Энэ хуулийг тус улс анх 2024 оны 1-р сард баталж байсан бол, пүрэв гарагийн өөрчлөлтөөр шоронд хорих шийтгэл нэмэгдсэн байна.
Энэ дагуу бусдыг үзэн ядах, айлган сүрдүүлэх зорилгоор Нацистын мэндчилгээ, үзэн ядалтын бэлгэдэл ашигласан, харуулсан хүмүүс буруутай нь тогтоогдвол шоронд заавал 1 жил хоригдох юм байна.
Харин терроризмыг санхүүжүүлсэн бол 3 жил, террорист үйл ажиллагаа явуулсан, төлөвлөсөн бол 6 жилээр хоригдох шийтгэлтэй байна.
Энэхүү шинэчилсэн хуулийг үзэн ядалт, ялгаварлан гадуурхахтай тэмцэх зорилготой олон нийтийн байгууллагууд болон бүлгүүд дэмжсэн байна.
Гэхдээ иргэний эрх чөлөөний зарим байгууллага үүнийг үзэн ядалтын шинжтэй үг үйлдлийг таслан зогсоох зорилготой байгаа нь сайшаалтай ч хувь хүний эрхийг зөрчихгүйн тулд болгоомжтой хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Харин хуулийн мэргэжилтнүүд үүнд үг хэлэх эрх чөлөөг хамгаалах, хэрэгжилтийг тэнцвэржүүлэх заалт тусгагдсаныг онцолж байна.
Нийтэлсэн: МҮОНР-ийн "Хурд" агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна