2025/03/14

БААСАН ГАРИГААС ШАТАХУУНЫ ҮНИЙГ 100, ОНЫ ЭЦЭСТ 200 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛАХААР БОЛЖЭЭ

info@inder.mn
2018/12/05

Засгийн газраас шатахууны үнэ болон ам.долларын ханшийн өсөлтийн талаар Монголбанк болон нефть импортлогч нартай уулзаж, тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрчээ.

Тодруулбал, өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчид болон Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийж дараах үр дүнд хүрчээ. Үүнд,

1. Ирэх баасан гариг буюу 12.07-ноос  шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах,
2. Аравхоёрдугаар сарын эцэс гэхэд 200 төгрөгөөр бууруулах,
3. Автогазны үнийг өнөөдрөөс 150 төгрөгөөр бууруулахаар нефть импортлогчидтой тохирсон байна. 
4. Долларын ханшийг маргаашаас эхлэн үе шаттай бууруулахад анхаарч ажиллахыг Монголбанкны удирдлагуудтай ярилцжээ.

Уулзалтын үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Улс төрийн зорилгоор үнээ бууруулахгүй үгсэн хуйвалдсан асуудал гарвал шууд тусгай зөвшөөрлийг чинь цуцална. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөж байхад Монгол дахь үнэ тасралтгүй өссөн, одоо буурч байх үед зах зээлийнхээ зарчмыг баримтлах ёстой" гэжээ.

Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа яриад байгаа тал бий шүү” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна