Зуны олимпын XXXIII наадам 2024 онд Франц улсын нийслэл Парис хотноо болно.
“Парис-2024” олимпын зохион байгуулагчид 1789 оны аравдугаар сарын 5-нд эхэлсэн эмэгтэйчүүдийн бослого тэмцлийг хүндэтгэн дурсах үүднээс жагсаалын цуваа явж өнгөрсөн газруудаар марафон гүйлтийн замын маршрутыг баталжээ.
Тухайн үед талхны өндөр үнийг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал Сена мөрний эрэг дэх хотын захиргааны байрнаас эхэлж, Версалийн талбай хүртэл үргэлжилж байсан бөгөөд марафоны тамирчид энэ зам дагуу гүйхдээ Тьюлрийн цэцэрлэг, Луврын музей, Grand Palais ордон, Эйфелийн цамхаг зэрэг Парис хотын түүхэн дурсгалт, үзэсгэлэнт газруудаар дайран өнгөрөх юм байна.
Уг зам өгсүүр хэсэг ихтэй тул олимпын дээд амжилт эвдэгдэх магадлал бага гэдгийг зохион байгуулагчид сануулжээ. Уралдааны замын хамгийн өгсүүр хэсэг 13.5 градусын налуу бөгөөд замын хамгийн өндөр хэсэг далайн түвшнээс дээш 183 метр, хамгийн нам дор хэсэг нь 27 метр байх аж. Ерөнхийдөө өгсүүр, уруу ихтэй зам болохоор гүйгчдээс багагүй тэвчээр шаардах болно гэдгийг Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге сануулсан байна.
1789 онд эмэгтэйчүүдийн эхлүүлсэн эсэргүүцлийн жагсаал эцэстээ Францын хувьсгалыг өрнүүлж, үүний үр дүнд Франц улс орчин үеийн засаглалын хэлбэрээ олоход нөлөөлсөн гэж үздэг. Энэхүү түүхэн үйл явдлыг хүндэтгэх үүднээс эмэгтэйчүүдийн марафон гүйлтийг наадмын сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 11-нд явуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна