Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн 11 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг бататган, олон хямралын үед ядуурлыг арилгах нь: Ази, Номхон далайн бүс нутагт тогтвортой, шинэлэг шийдлүүдийг үр дүнтэй хүргэхүй” сэдвийн дор 2024 оны хоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бангкок хотноо болж байна.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос зохион байгуулж буй энэхүү чуулганаар төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн бүс нутгийн хэрэгжилтийг хэлэлцэж, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, энхтайван, шударга ёс, түншлэл зэрэг харилцан уялдаа бүхий асуудлыг шийдвэрлэх бодлогын шийдэл болон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх боломжийн талаар санал солилцон, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагаас танилцуулах юм.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр чуулганы эхний өдрийн өндөр түвшний хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.
Тэрээр энэхүү чуулган нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн бүс нутгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гарц шийдлийн чухал индэр төдийгүй ирэх 9 дүгээр сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалтын бэлтгэлийг хангахад ихээхэн үүрэгтэйг онцлон тэмдэглэсний зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмэр, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
Түүнчлэн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана болон НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Алиа Эль Яссир-тай тус тус уулзаж, Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.
Нийтэлсэн: Гадаад харилцааны яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна