Сайдаас сайдын “өвөр дамждаг” улс төрийн “биеэ үнэлэгч”-д МАН гэлтгүй АН, ХҮН, ИЗНН гээд бүх намд бий.
Тэдний нэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй хүн бол эрчим хүчний салбарт 30-аад жил ажилласан Б.Насантогтох.
Түүний хувьд Н.Тавинбэхийг сайд байх үед буюу 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж, сайд нь буумагц газрын даргаар хоёр жил гаруй ажиллаад Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайд болонгуут яамны ТНБД-д томилогдсон нэгэн. Эндээс харвал, Б.Насантогтох аль ч улстөрчдөд таалагддаг, аль ч сайдын урдуур, хойгуур гүйж албан тушаалаа ахиулж чаддаг гэж сүйхээтэй нэгэн харагдахаар.
Даанч сүйхээтэй зангаа буруу юманд ашиглаж, төр түмэнд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг АТГ ялгаад, шалгаад тогтоочихов. Ингээд л сайдтайгаа хамт энэ оны эхээр дээлээ нөмөрч аавын хаалга татсан ч төд удалгүй нар харсан. Тэгвэл өнөөдөр АТГ-аас дахин нэг мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд “Б.Насантогтох нь ЗТЯ-ны ТНБД-аар ажиллаж байхдаа нэр бүхий ААН-д давуу байдал бий болгож, 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон. Хөрөнгө орлого нь 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэн нь хууль ёсны болохоо тайлбарлаж чадаагүй. Б.Насантогтоход холбогдох хэрэгт 7 хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татаад байна” гэжээ.
Эндээс л Б.Насантогтох нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэйгээ “хамтарч” албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авч байсан юм байна гэж шууд харагдана.
Одоо ганц болгоомжлол бий. Тэр нь нэг хулгай хийсэн дахиад заавал хулгай хийдэг гэдэг үг. Эрчим хүчний яаманд байхад тэрбумаар нь “хуссан” юм чинь Зам тээврийн яаманд хуссан байх ч магадлалтай. Тиймээс Б.Дэлгэрсайхан сайдаа, хожим авлига, хулгайн хэрэгт нэр холбогдмооргүй л байгаа бол яамандаа аудит оруулж, Б.Насанбатын гар хүрсэн болгоныг шалгаж, нягтлах нь зүйтэй байх шүү.
Юмыг яаж мэдэх вэ, гэрлийн дор харанхуй гэдэг шиг хажууд чинь инээж суугаад л хулгайлж байсан, эсвэл та өөрөө гадарладаг, бүр мэддэг байсан ч юм билүү хэн мэдлээ. Шалгахад буруудахгүй л байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна