2024/05/19

Таван өдрийн “ХОРИГ”

info@inder.mn
2017/01/29

Нийтээрээ мэдэх нэг дурсамж  байдаг. “Азийн чоно “ ажиллагаа гэмээр. 2008 он гараад байтал Багануурт баахан хүмүүс цаг бусаар талийв. Дайн байлдаан болсон мэт гэнэт ийнхүү амиа алдсан нь нэг гоёмсог шошготой архины гай.  Үнэн хэрэгтээ “найрка” шахуу юм байсан гэж дараа нь мэргэжлийн байгууллагууд хэлсэн.

Манай Монголын иргэд ажил хийхгүй, архинд ээрэгдсэн мэт амьдралын хэмнэлд байхад нь  энэ үйл явдал том шанаа  өгсөн.  Хамгийн ашигтай гүйлгээтэй бараанд архи нэрлэгдэж,  бараг талхнаас дээгүүр байр эзэлж эхэлсэн болохоор учир мэддэг дарга нартай ураг садан бүхэн архи  үйлдвэрлэхээр улайрч байсан байх. Гэтэл нэг харласан дотортой нөхөр бензинд холих гэж метилийн спирт зөөж , хил гаалиар найраа үүсгэсээр оруулж иржээ. Тэгээд үүнийгээ А 80 бензинтэй хольж ашигтай бизнес хийх гэтэл өнөөх нь найрсангүй.  Тэгэхээр нь мөн өөртэйгээ адил цайрсан нөхрийг ятгаад архины үйлдвэрт өнөөх метилийн спиртээ шахаад гарчээ.

Цаадах нь хамгийн ашигтай бизнесийг маш хямдхан спиртээр хийхээр яаран хэд хэдэн  гоёмсог нэр бодож олжээ. Нутаг орноо, их зохиолчийн өлгий нутгий нэрийг энэ” ариун” идээндээ наахаа бас мартсангүй. Техникийн спиртээр төрсөн эхний архи нь  “Гүн галуут” гэсэн гүн утгатай нэрээр төрөн гарав. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын өндөр босгыг төвөггүй даван, татварын тэмдэг наалт, иж бүрдэлтэйгээр дэлгүүрийн лангуудэд ил болоод далд байрлалаа эзлэв. Араас нь улам төгөлдөржүүлж  “Бугат хангай” , “Аньст,” ,”Хэрлэн” гээд нутгийн олны хайртай зүрхний уяа болсон, уул усны нэрийг зүүж хямд архиныхаа нэр төрлийг нэмж өгсөн байдаг. Үүндээ өшөө хүч нэмж “ЧИНГИС” гэж өвөөгийн нэрийг ч зүүгээд тавьчихав.

Хийх ажилгүй орлогогүй боловч хэзээ ч турж үхэхгүй гэдэг бахархалтай манайхан мөнгөгүй ч архиар тасрахгүй байх шинэ цагийн бардамналаа гээдэггүй.  Техникийн спирттэй найрсан архи торох саадгүй худалдаанд орж үнэнч хэрэглэгчдийнхээ гар дээр маш хямд,  бүр зээл лизингээр авах бүрэн боломжтой ирсэн. Үр дүнд нь сэржим ерөөлийн үг нь эсрэгээр буусан 15 нь шууд нас барж , 22 нь үхэхийн наагуур хордож сэхээнд орсон. Бүүр ард нь онцгой татвар гээчийг төлж, өндөр түрээс нугалж амьдрал орлогоо тэнцүүлж явдаг дэлгүүр, үдшийн баар паб бүгд “хоригт ” орж орлогогүй сууж давхар шийтгүүлсэн байдаг.  Зарим нь бараг өөрсдөө чанаргүй архиндаа орсон гэсэн явган яриа ч байдаг. Арай сүлжээ танилтай зарим нь жилийн орлогоо “шаг” -аар хийчихсэн дуулддаг.

Ийм л үед танилын бяр харагдана гэдгийг зарим нь харуулж архийг ч харин утгаар нь үнэ хүргэж, бэлжиж авсанд цагаахнаар атаархсан хүмүүсийн нэг нь би вээр байлаа. Хэн нэгэн гэнэт залгаж хор малтана. “… Ирж ховорын юм татахгүй юм уу ? … Хаана …  Энд нэг ресторанд…

Архи заруулахгүй байгаа биз дээ.. . Ирээд л үз…  гэнэ.

Ховор юм амсах хүний төрөлхийн гэмээр хорон хүсэл намайг ч бас эзэмдсэн тул яаран очсон байж таарна. Цэвэр ус шимж,  инээд алдсан цэмбэгэр хэдэн найз нар сууж байна. Уснаас амслаа. Ярвайж сүйд болж  багаа барьж өгсөнгүй тэвчлээ. Манай хэдийн ярих нь энэ уулт бол маш үнэтэй ч арай тансагт орох хувилбар гэнэ. Цаагуур гадуур бол улаан найрка тав нугарч, Алтан Чингисийн үнийг давсан ба  хөдөө бол 2 шил архиар хонь авч малжиж болохоор болсон тухай хүүрнэлээ.

“Азийн чоно”-уудын балаг айхтар мунхаг бизнесийн аймаар  дурсамжаас хойш энэ удаа “Найрсаг” амттай нэг архи таван хүний ам авч одсон шуугиан бослоо.

Маргааш нь “Шинжилгээний хариу яг эцэслэн гараагүй байна” гэж  мэргэжлийн байгууллага мэдэгдэж байсан. Амьдрал хэвийн үргэлжилж, хүмүүс ажлаа хөөн үдээс хойшдоо баахуу цай, кофе эргүүлж ойр газартаа  сууж байсан дүр зурагтай. Энэ үед тэдний гар утсанд “18 цагаас хойш архи “No” шүү” гэсэн утгатай албаны мэссэж нисэн ирэв. Өндийгөөд харах хооронд хоол шөл, цэвэр ус, ундаа захиалж байсан манайхан бүгд л хатуухан архи халбага пиво амжиж ууя гэлцэн дүнгэнэлдээд эхлэв. Өнөөх “Азийн чоно”-уудын үеийн хаширсан дурсамж цусанд сэргээд ирсэн байх. Тэрүүрхэндээ амар тайван, ажин түжин байсан амьдрал гэнэт өөрчлөгдөх шиг. Ресторан дотор шуугиан дуу ихсэж, одонгийн найрны танхим шиг болоод явчихав.

Хэдэн жилийн өмнө өнөөх найзуудын хэлснээр бүүр цаана нь бол тэр шөнө “хоригт” орсон архи ямар үнэ хүрч, хэн нь хожиж хохирч  эхэлснийг бид таашгүй. Таван хүн хордлогын шинжтэй нас барж, хариуд нь мэргэжлийн байгуулагууд “таван өдөр” архи согтууруулах ундаанд хориг тавив.  Ингээд архи дахин гол анхааралд орж  “арын “ хаалганы    ажил болчихов. Зүгээр лангуун дээр байхад нь тоодоггүй улс ч хорьсон, ховордсон гэхээр шүлс нь ялгараад унадаг бололтой. Архи асуусан утасны яриа бүх операторын сүлжээнд пиг байгаа сураг гарав.

Үүний цаана авдар авдраар архи байвч сөгнөхөөс дургүй нь хүрсэн хэсэг байгаа. Сардаа саяас буудаггүй түрээстэй олон дэлгүүр, баар пабын түрээслэгчид энэ сарын өрөө яаж нөхөх  талаар бодолд дарагдаж,  арын өрөөндөө 100 грамтай зөвлөлдөн суусан байх.

Цагаан сараас өмнө дахиж ийм юм бүү болоосой. “ Энэ нөхдүүд хогийн архиа харсаар байж заруулчихаад, хүн үхчихээр бөөнөөр нь торгоод шийтгээд байдгаа болимоор” гэж бухимдсан улс зөндөө.  Битүүний өмнө гай болж 10 хүн сэжигтэй хордоод мажийвал, 10 өдөр архи  нь хоригдоно. Ард нь юу болох уу. “Азийн чоно”- той жил яалаа… “Найрсаг”  хорны гайгаар хоригтой өнгөрсөн таван өдөр  хэн хохиров …

Пүрэвжавын Баярхүү / тоймч /



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна