Энэ оны гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн цэргийн баазаас Пакистаны тал руу газар-газар ангиллын дуунаас хурдан пуужин харвасан хэрэг гарч байв.
Санамсаргүй алдаанаас болж харвасан гэх пуужин Пакистаны нутаг дэвсгэрийн гүн рүү 125 км нэвтэрсэн ч азаар ямар нэг хохирол учруулаагүй газардсан юм.
Хэргийг мөрдөн шалгасан ажлын дүн гарч, өчигдөр Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчний удирдлага алдаа гаргасан гурван офицерыг ажлаас нь чөлөөлжээ.
Тухайн үед Пакистаны засгийн газар Энэтхэгийн талд дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлж байв.
Энэтхэг улс болсон явдалд харамсал илэрхийлээд нарийвчлан шалгахаа амлаж байжээ.
Цөмийн зэвсэгтэй Энэтхэг, Пакистан улсууд 1947 онд Их Британийн колоничлолоос салсныхаа дараа хуваагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гурван удаа хоорондоо дайтаж байв. Хамгийн сүүлд 2019 онд хилийн маргаантай Кашмирын бүс нутагт амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 41 цэрэг нь алагдсаны дараа Энэтхэг улс Пакистаны нутаг дахь зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаарын цохилт өгснөөр хоёр улс дайны ирмэгт тулж байжээ.
Харин энэ удаагийн маргаанаа хоёр улс даамжруулалгүй өнгөрсөн нь гайхмаар ховор үйл явдалд тооцогдож байна.
Энэтхэгийн талаас Пакистан руу харвасан пуужин нь BrahMos нэртэй бөгөөд дууны агаарт тархах хурднаас гурав дахин хурдан, 300-700 км тусгалтай зэвсэг юм.
Энэтхэг, Орос улсуудын хамтран бүтээсэн уг пуужингийн нэр нь Энэтхэгийн Брахмапутра, Оросын Москва голын нэрүүдээс бүрджээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна