2024/11/23

Талибаны дэглэм газрын тос “бартердах” санал ОХУ-д тавьжээ

info@inder.mn
2022/08/24

Афганистанд тогтсон Талибаны дэглэмийн төлөөлөгчид Москва хотноо ОХУ-ын засгийн газартай худалдааны хэлэлцээ хийсэн тухай РИА Новости агентлаг өчигдөр мэдээлжээ.

Афганистаны худалдаа, аж үйлдвэрийн сайд Нуриддин Азизи өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтад оролцсон юм байна.

“Найрамдалт харилцаатай Орос улсаас газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар ярилцлаа” гэж Азизи өнгөрсөн Баасан гарагт РИА Новостид ярьжээ.

Тус улс нийтдээ нэг сая тонн газрын тос, дизель түлшийг бараа солилцооны нөхцөлөөр ОХУ-аас импортлох санал тавьсан юм байна.

Солилцох бараа бүтээгдэхүүнд төрөл бүрийн түүхий эд, эмийн ургамал зэрэг багтжээ.

“Бид ийм бараа бүтээгдэхүүнийг хэдэн зуун тонноор нь ОХУ-д нийлүүлж чадна. Тухайлбал эмийн ургамлын үнэ ханш өндөр байгаа энэ үед Оросын эм үйлдвэрлэлийн салбарт хэрэгтэй гэж бодож байна” гэж Азизи ярьсан байна.

Одоогоор Оросын тал Талибаны дэглэмийн бартерын саналыг хүлээж авсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Хэрвээ Москва бартерын саналыг нь зөвшөөрөхгүй бол мөнгөөр худалдаж авах боломжтойг Азизи бас хэлсэн байна.

Өрнөдийн эдийн засгийн хориг ОХУ-ыг гадаад худалдаандаа бараа солилцоо ашиглахад хүргэж болзошгүй байгаа.

Адилхан эдийн засгийн хоригт байгаа Иран улс бас бартераар бараа солилцох саналыг ОХУ-ын засгийн газарт тавьсан тухай өнгөрсөн тавдугаар сард тус улсын шадар сайд Александр Новак мэдэгдэж байв.

Тухайн үед Энэтхэгийн засгийн газар бас Оросоос бордоо импортлохдоо бартер ашиглах санал тавьж байсныг албаны эх сурвалжууд мэдээлж байлаа.

Бартер буюу бараа солилцооны механизм нь Оросын хувьд цоо шинэ зүйл биш юм. Зөвлөлт Холбоот Улс бусад социалист лагерийн улс орнуудтай ийм арга замаар худалдаа хийдэг байсан.

“Афганистан, Орос улсууд бартерын худалдаа хийж байсан түүхэн туршлагатай. Бид шатахуун, хүнс зэрэг онцгой бараа бүтээгдэхүүн импортлохдоо ийм арга хэрэглэх боломжийн талаар Оросын түншүүдтэйгээ хэлэлцлээ” гэж Азизи ярьсныг РИА Новости мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна