2024/05/17

ОХУ-ын ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ цэргийн тоог нэмэгдүүлэх зарлиг буулгажээ

info@inder.mn
2022/08/26

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын зэвсэгт хүчний цэргийн тоог 137,000-аар нэмэгдүүлж, 1.15 саяд хүргэх зарлигт гарын үсэг зуржээ.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг зарлигт хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, эсвэл гэрээт алба хаагчдын тоог нэмэгдүүлэх эсэх талаар тодорхой дурдаагүй байна.

Ингэснээр ОХУ-ын армийн нийт бие бүрэлдэхүүний тоо 2,039,758, үүнээс 1,150,628 нь цэргийн алба хаагч болж байгаа юм.

2018 оны эхнээс хэрэгжсэн өмнөх зарлигаар нийт бие бүрэлдэхүүн 1,908,758, цэргийн алба хаагчийн тоо 1,013,628 болж байжээ.

Одоо Украинд явуулж буй байлдааны ажиллагаанд зөвхөн гэрээт цэргийн алба хаагчдыг оролцуулж байгаагаа Кремлийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байв.

ОХУ-ын хуулиар тус улсын 18-27 насны бүх эрэгтэйчүүд нэг жилийн хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Гэхдээ эрүүл мэндийн болон их сургуульд суралцаж буй гэсэн шалтгаанаар чөлөөлөгдөх явдал түгээмэл.

Ийм шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдөгсдийн эзлэх хувь хэмжээ Москва зэрэг том хотуудад өндөр байдаг.

Цэрэг татлага жилд хоёр удаа, дөрөвдүгээр сарын 1-нд, аравдугаар сарын 1-нд зохион байгуулагддаг байна.

Украинд дайн эхлэхээс өмнө ОХУ-ын арми 400,000 гаруй гэрээт цэргийн алба хаагчтай байсны 147,000 нь хуурай замын цэрэг байжээ.

Хэрвээ дайн сунжирвал энэ тоо хангалтгүй гэж цэргийн мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна