2024/11/23

Украины тал “модон HIMARS”-аар Оросын армийг хуурч байгаа тухай мэдээлжээ

info@inder.mn
2022/08/31

Украины тал АНУ-ын пуужингийн системийг дуурайлгасан модон загвараар Оросын зэвсэгт хүчнийг хуурч, алсын тусгалын пуужинг нь дэмий үрэгдүүлж байгаа тухай Вашингтон Пост сонин өчигдөр мэдээлжээ.

Ийм аргаар хамгийн цөөндөө Оросын 10 ширхэг Калибр пуужингийн цохилтыг хуурамч байд татаж чадсан тул модон HIMARS-ынхаа тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Украины албаны эх сурвалж тус сонинд ярьсан байна.

“Дайсны тагнуулын дронууд үүнийг VIP бай гэж хараад байрлалыг нь ар тал руугаа дамжуулдаг” гэж уг эх сурвалж ярьжээ.

Украинд дайн эхэлснээс хойш Оросын тал АНУ-аас илгээсэн HIMARS зэрэг бусад олон пуужингийн системийг устгаснаа мэдээлж байгаа.

Харин Пентагон үүнийг нь няцаадаг. Вашингтон Пост сонины сэтгүүлч энэ талаар АНУ-ын дипломат албаны эх сурвалжаас тодруулахад “Бидний илгээснээс ч олон HIMARS устгасан тухай тэд ярьж байгаа” гэжээ.

АНУ-ын Украинд илгээсэн HIMARS пуужингийн систем алсаас өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай зэвсэг юм. Уг зэвсэг Украины армид том давуу тал олгож буй гэсэн мэдээлэл бий.

Украины тагнуулын алба Оросын алсын тусгалтай пуужингийн нөөцийн “45 хувь үлдсэн” гэсэн тоог өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

АНУ-ын албаны эх сурвалж бас саяхан Оросын пуужингийн нөөц мэдэгдэхүйц багассан, эдийн засгийн хориг арга хэмжээ нөөцөө нөхөж үйлдвэрлэхэд хүндрэл учруулж буй тухай ярьж байжээ.

 

Эх сурвалж: The Washington Post

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна