Ойрын гурван жилийн дотор бүгд найрамдах улс болох эсэхээ шийдэх бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Антигуа ба Барбуда улсын ерөнхий сайд Бямба гарагт мэдэгджээ.
Их Британийн хаан ширээнд Гуравдугаар Чарльз албан ёсоор заларснаас хойш хэдхэн цагийн дараа 100,000 орчим хүн амтай Карибын тэнгисийн арал улсын ерөнхий сайд Гастон Браун ийм мэдэгдэл хийсэн байна.
Антигуа ба Барбуда нь 1981 оныг хүртэл Британийн колони байсан бөгөөд одоо хуучин колони байсан улсуудын Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон юм. Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнууд Их Британийн хааныг төрийн тэргүүнээрээ өргөмжилдөг.
Сүүлийн жилүүдэд дээрх холбооноос гарч, бүгд найрамдах засаглалд шилжих хөдөлгөөн ялангуяа Карибын тэнгисийн орнуудын дунд нэмэгдэж байгаа.
Өнгөрсөн онд Барбадос улс ийм алхам хийж байв.
Ямайк улсын эрх баригч нам бас Британийн хаант засаглалаас салах санаа гаргаж эхлээд байна.
“Энэ бол ойрын гурван жилийн дотор бүх нийтийн санал хураалтаар шийдэх асуудал юм” гэж хэлсэн Браун жинхэнэ тусгаар тогтносон улс болох сүүлчийн алхам нь “бүгд найрамдах засаглалд шилжих” болохыг онцолжээ.
Гэхдээ тэр санал хураалт зохион байгуулснаар шууд Хамтын Нөхөрлөлийн гишүүнчлэлээ цуцлах гэсэн ойлголт биш болохыг нэмж тайлбарласан байна.
Өнөөдөр Их Британийн хаан нь Хамтын Нөхөрлөлийн гишүүн 14 улсын бэлгэдлийн төрийн тэргүүнд тооцогддог юм.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна