Мягмар гарагт Украины батлан хамгаалах яам Харьков мужийн Купянск хотын ойролцоо Оросын дроныг устгасан нь Иранд үйлдвэрлэсэн техник байсныг мэдээлсэн юм.
Украины батлан хамгаалах яамны хэвлэлд Шахед-136 загварын дрон байх магадлалтай хэд хэдэн зургийг нийтэлж байв.
Тэгвэл Их Британийн батлан хамгаалах яам Иранд үйлдвэрлэсэн дроныг Украины арми унагасан нь үнэн болохыг өчигдөр тагнуулынхаа шинжилгээнд үндэслэн мэдээлжээ.
“Өөрийнх нь нөөц багассан тул Орос улс Иран, Умард Солонгос зэрэг хоригт байгаа орнуудаас зэр зэвсэг авах явдал нэмэгдэх нь гарцаагүй юм” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ираны эрх баригчид өмнө нь ОХУ-д Украины дайнд ашиглах дрон нийлүүлсэн гэх мэдээллийг эрс няцааж, дайтагч талуудын алинд нь ч туслахгүйгээ мэдэгдэж байв.
Энэ оны долдугаар сард АНУ-ын албаныхан Иран улс ОХУ-д байлдааны дрон нийлүүлэх гэж байгаа тухай анх удаа мэдээлж байлаа.
Дараа нь өнгөрсөн сард АНУ-ын хэвлэлд эхний хэсэг дронууд ОХУ-ын нутаг дэвсгэрт ирсэн ч техникийн олон асуудал, бэрхшээлтэй байгааг мэдээлж байв.
Энэ сарын эхээр АНУ-ын засаг захиргаа дронуудыг ОХУ-д тээвэрлэж хүргэсэн болон дрон үйлдвэрлэхэд оролцсон Ираны дөрвөн компанийг эдийн засгийн хоригоор шийтгэсэн юм.
Саяхан Ираны агаарын хүчний командлагч Хамид Вахеди тус улс ОХУ-аас Су-35 байлдааны нисэх онгоц авахаар хэлэлцэж байгаа тухай хэвлэлд ярьсан байна.
Эндээс Орос, Иран улсууд зэвсэг техникээ бартераар солилцсон байж магадгүй гэсэн сэжиг таамаг яригдах болсон юм.
Эх сурвалж: Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна