2024/05/19

Ачаа тээвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад жолооч нарын саналыг тусгана

info@inder.mn
2023/04/26

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий,  АТБХЗГ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Мөнхнасан нар Шатахуун тээвэрлэгч жолооч нарын төлөөлөлтэй уулзлаа.

Жолооч нарын зүгээс авто замын даац болон өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улс, улсын чанартай авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна гэх стандартыг өөрчлөх, тонн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар зарчмын байр сууриа илэрхийллээ.

Ингэхдээ, зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэхээс гадна жил бүрийн өдийд асуудал дагуулдаг энэ мэт асуудалд цэг тавьж, хууль, эрх зүйн орчинг шинэчилж, зохицуулалтыг амьдралд ойртуулах шаардлага байгааг хэлж байлаа.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагад Олон улс, улсын чанартай авто замд бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байна гэж заасан байдаг.

Уг стандарт нь зөвхөн манай улсад төдийгүй ОХУ, БНХАУ-д ч цаашлаад Европын холбоонд мөрдөгдөж байгаа стандарт юм. Олон улс, улсын чанартай нийтийн зориулалттай замд нийт жин 44 тн-оос ихгүй байна гэдэг дээрх стандарт нь зөвхөн Монгол Улсад хэрэгждэггүй ба Венын конвенцод нэгдсэн бүх улс орон энэ стандартыг дагаж мөрддөг байна. Тиймээс шатахуун тээвэрлэгч жолооч нарын төлөөлөлд дээрх зохицуулалтыг тайлбарлаж, ачаа тээвэрлэхтэй холбоотой эрхзүйн зохицуулалтад жолооч нарын саналыг тусгаж, Засгийн газарт танилцуулахаар боллоо.

Эх сурвалж: ЗТХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна