2024/05/19

Н.Учрал: "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөлөөр хангаж, дэмжин ажиллана

info@inder.mn
2023/06/07

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай цахимаар уулзалт хийсэн. Энэ үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр  хангах талаар ярилцжээ. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тодруулбал, 

Манайх шиг өргөн уудам газар нутагтай улс орны хувьд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын гуравны нэгийг шилэн кабель болон интернэтийн сүлжээгээр холбосон. Өнгөрсөн хугацаанд 1226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс шинэ дэд бүтцийг бий болгоход "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангана. Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр энэ асуудлыг харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад “Старлинк Монголиа” компани байгуулж, хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгон шийдвэрлэхээр эрхлэх асуудал хариуцсан сайдад даалгасан. Ирэх долдугаар сард  "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрнэ” гэлээ. 

"Старлинк" компани нь өнөөдөр АНУ, Англи, Франц, Герман, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна