2024/11/22

Володимир Зеленский НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалав

info@inder.mn
8 цаг 55 минутын өмнө

Энэ өдрүүдэд чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дахь удаагийн чуулганы хүрээнд Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар тусгай хуралдаан хийжээ. 

Энэ хуралдаанд Украины дайн эхэлснээс хойш анх удаа НҮБ-ын чуулганд биечлэн оролцож байгаа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский оролцож, үг хэлсэн байна. Энэ үеэрээ тэрбээр Украины ирээдүйн аюулгүй байдлыг баталгаажуулах хоёр зүйл заалт бүхий энхийн төлөвлөгөөгөө танилцуулсны дээр Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалжээ.

Украины асуудлаарх Аюулгүйн зөвлөлийн энэ хуралдааныг НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш нээж үг хэлсэн байна. Украины болон өнөөгийн дэлхий дахины шинэ тутам нөхцөл байдалтай уялдуулж НҮБ-д шинэчлэл хийх шаардлагатай болсныг тэрбээр энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "НҮБ-ын дүрэм бол энх тайван цогцлоосон ертөнцөд хүрэх бидний замын зураг юм. Энэ дүрэм журмын ачаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтын үр дүнд дэлхийн хэмжээний дайнаас урьдчилан сэргийлэх, хүний эрхийг дээдлэх, олон сая хүний амь насыг авран хамгаалахад хувь нэмрээ оруулж ирсэн. Харин ОХУ НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжийг илтэд зөрчиж, Украин улсад халдан довтолж байгаа нь олон улсад геополитикийн хурцадмал байдлыг үүсгээд зогсохгүй, цөмийн аюулыг улам нэмэгдүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг Украины нутаг дэвсгэрээс нэн даруй гарахыг шаардсан тогтоолыг олонхын саналаар баталсан. Хоёрдугаарт, Орос, Украин улсуудыг дэлхий дахины тогтсон дэг ёс, олон улсын хууль тогтоомжийг баримталж Киевт энх тайван, шударга ёс тогтоохыг уриалж байна" гэжээ.

Харин Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский "Аюулгүйн зөвлөлийн хоригийг давах бодит эрх мэдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд олгох ёстой. Дайныг зогсоож чадахгүй юм гэхэд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол энэ. Учир нь түрэмгийлэгч эсвэл түүнийг хөхиүлэн дэмжигчдийн хориг бүх хүчин чармайлтыг боогдуулж байна" гэсэн байна.

Үүнээс гадна Володимир Зеленский Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрх ашиглах журмыг өөрчлөх шаардлагатай. Мөн эзлэн түрэмгийлэгч орон Аюулгүйн зөвлөлд гишүүн хэвээр үлдэх учиргүй гэдэг байр суурь илэрхийлсэн байна.

Володимир Зеленскийн танилцуулсан энхийн төлөвлөгөө эхний ээлжинд Хар тэнгисийн флот зэрэг Украины 1991 оны хил хязгаарт багтсан бүх нутаг дэвсгэрээс Оросын цэрэг болон цэрэгжсэн бүлэглэлүүдийг бүрэн гаргахаар заасан байна. Удаад нь Украин улсын нийт хил хязгаар болоод Хар тэнгис, Азовын тэнгис дэх эдийн засгийн онцгой бүс, Керчийн хоолойн хяналтыг Украинд бүрэн хэмжээгээр буцаан олгох нөхцөлийг заажээ.

Энэ хоёр нөхцөлийг хангаснаар гагцхүү дайн байлдааны ажиллагаа шударга, бат бөх, мөн бүрэн дүүрэн зогссонд тооцогдох болно гэдгийг Украины Ерөнхийлөгч цохон мэдэгдсэн байна.

Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх энэ тусгай хуралдаанд ОХУ-аас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нарын зэрэг өндөр дээд албаныхан оролцсон.

Оросын Гадаад хэргийн сайдын тухайд улсад нь халдан довтлох нөхцөлийг Украин өөрөө үүсгэсэн гэдэг Оросын байр суурийг давтан илэрхийлж, Украиныг дэмжиж байгаа өрнөдийн улсууд дэлхий нийтийн хямрал дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ.

Мөн ОХУ-ын Аюулгүйн зөвлөл дэх хориг тавих эрхийг олон улсын харилцааны “хууль ёсны хэрэглүүр” гэж хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна