2024/11/23

Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалтад 500 гаруй алба хаагч оролцож байна

info@inder.mn
2024/03/06

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Тус чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.   Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монголчууд бидний түүхэнд эв нэгдэл эрхэм чухал болохыг сургасан Алунгоо хатан, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрнийг цогцлоон байгуулалцсан Өүлэн эх, Бөртэ Үжин, Мандухай Сэцэн Хатнаас эхлээд эдүгээ цагийг хүртэлх төр нийгмийн болон цэргийн олон нэрт зүтгэлтэн эмэгтэйчүүдээрээ монголчууд бид бахардаг. Өнөөдөр Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт эрэмбэлэгдэн, цэнхэр дуулгатан бүсгүйчүүдийн маань мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт олон улсад өндрөөр үнэлэгдэж байгаад Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч сэтгэл хангалуун байна. Эдүгээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 10 гаруй хувийг эмэгтэй ахлагч нар эзэлж байгаа бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал шийдлээ хүлээж байна.

Мөн эмэгтэй ахлагч нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэх боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байгааг анхаарах нь зүйтэй. Сүүлийн 3 жилд эмэгтэй ахлагч нараас гадаадад мэргэжил дээшлүүлсэн 21, гадаад хэлний дамжаанд суралцсан 130 гаруй, магистр 93, доктор ганцхан байгаа нь чамлалтай үзүүлэлт юм. Түүнчлэн жилд дунджаар 100 хүрэхгүй эмэгтэй ахлагчид иргэний мэргэжил эзэмшүүлж байгааг удирдах бүрэлдэхүүн анхааралдаа авахыг онцлон тэмдэглэж байна.

Өнөөдрийн энэхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт нь Та бүхний өмнө тулгамдаж буй аливаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Монгол Улс “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжиж, 2027 он гэхэд Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувийг 15%-д хүргэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж байна.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 50.3 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 21.9 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна.

Өнөөдрийн энэхүү чуулга уулзалтын бас нэг зорилго нь “Эмэгтэй ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц дэвшил гаргах”-д чиглэж байгаа. Өнгөрсөн 2023 онд миний бие санаачлан эрхэлсэн асуудлын хүрээнд “Онцгой байдлын байгууллагын Ахлагчдын чуулган”-ыг зохион байгуулж, ахлагчдынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож, заримыг нь эхнээсээ шийдвэрлэсэн. Гэвч бүх зүйлийг нэг дор “өргөс авсан мэт” шийдэх боломжгүй учраас бүрэн дүүрэн шийдвэрлэгдээгүй асуудлууд бий. Тиймээс эмэгтэй ахлагч нарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг ул суурьтай хэлэлцсэн, судалгаа, шинжилгээний үндэслэлтэй, эрдэмтэн судлаачдынхаа саналыг тусгасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмжийг өнөөдрийн энэ чуулганаас та бүгд маань гаргана гэдэгт итгэлтэй байна.  

Эмэгтэй ахлагч нарынхаа гаргасан санал, зөвлөмжийг төр, засгийн удирдлага, холбогдох дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх  тал дээр бүхий л арга хэмжээг авч дэмжин ажиллахаа илэрхийлье” гэсэн юм. Чуулганд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй ахлагч нарын төлөөлөл бүхий 500 гаруй алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд чуулганы үеэр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд ахлагч нарын манлайлал, оролцоо, эмэгтэй ахлагч нарт тулгамдаж буй асуудал-шийдэл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Эх сурвалж: УОК



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна