2024/11/23

"Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал" сэдэвт сургалт боллоо

info@inder.mn
2024/03/12

УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс мэдээллийн технологийн сургалтын дэд хөтөлбөрийн хүрээнд өчигдөр “Мэдээллийн ба Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалт хийлээ.

Энэ удаагийн парламент нь хууль тогтоох үйл ажиллагаанд цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж, Тамгын газрын зүгээс өдөр тутмын үйл ажиллагаандаа техник, технологийн дэвшил, шийдлийг ашиглан түргэн шуурхай ажиллах туршлагыг бий болгосон хэдий ч мэдээллийн болон кибер аюулгүй байдлыг хангаж, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртөхгүй байх дадлыг хэвшүүлэх, чадавхжуулах нь чухал хэмээн Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нээлтийн үгэндээ онцолсон юм.

Монгол Улс нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатандаа кибер аюулгүй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, технологид суурилсан инновац, интеграцыг хөгжүүлж, эрсдэлийн менежментийн үндэсний чадавхыг бэхжүүлэхээр тусгасан байдаг. Тиймээс аюулгүй байдлын бодлогыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлэх шаардлагатайг сургалтын үеэр сургагч багш, бригадын генерал, доктор (Ph.D), дэд профессор, зөвлөх инженер, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх Д.Баасандамба сануулж байв.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, УИХ дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнууд оролцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна