Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар (2025.02.19) Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Гашуун сухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна.
Ажлын хэсэг УИХ-ын бодлого, шийдвэрийн үр дүн, бодит нөхцөл, хэрэгжилтийг үнэлж дүгнэх үүднээс “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын үйл ажиллагаа, нүүрс тээвэрлэлттэй газар дээр нь танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж эхэллээ.
“Гашуунсухайт” нь нийслэлээс 841 км-т байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсвийг бүрдүүлдэг боомтын нэг бөгөөд 9 дэх удаагийн парламент олон жил гацсан мега төслүүдийг дэмжснээр эерэг үр дүн авчирна гэсэн хүлээлттэй байгаа юм.
Тус боомтыг чиглэсэн нүүрс тээвэрлэх төмөр зам олон улсын стандартад нийцсэн, говийн орчинд даацтай, ан амьтанд ээлтэй боловч суурьшлын бүсэд оршин суугчдын зүгээс нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлт тавьж байна.
Харин "Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолборын хувьд 2022 онд ашиглалтад орсноос хойш 75.1 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганц мод чиглэлд нэвтэрдэг байна. Биржийн тээвэрлэлтийг нийт дөрвөн чиглэлд хийж буй бөгөөд 2023 оны 03 дугаар сараас хойш 117 удаагийн тээвэрлэлтээр 26.5 сая тонн нүүрс биржээр борлуулжээ. Гүйцэтгэл хангах гэрээ 40 гаруй үлдсэн байна. Нүүрс тээвэрлэлтийн хувьд “Гашуун сухайт” хилийн боомтод Авто тээврийн нэгдсэн системд 432 аж ахуйн нэгжийн 24.432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас “Эрдэнэс тавантолгой” ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж. Нүүрсний ханш 2.3 орчим хувиар буурснаас нүүрс тээвэрлэлт багасч, экспорт буурах эрсдэл үүссэн байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомтод 4.6 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Түгжрэлийг бууруулах, төмөр замын ашиглалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж буй УИХ-ын ажлын хэсгийн томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна