Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Кувейт Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мутлак А.М.Альтувимер Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн шугамаар дэд бүтэц, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов.
Мөн Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн санг 2024 онд “Найрамдал” медалиар шагнасныг дурдаж, томоохон төслүүдэд Кувейтийн Засгийн газар хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Элчин сайд Мутлак А.М.Альтувимер улсынхаа Эмир Мишаль Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахаас Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлснийг уламжилж, Монголын ард түмэнд Сар шинийн баярын мэнд хүргэлээ.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор Монголын махны экспортыг улам дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Кувейт нь манай улсад Элчин сайдын яамаа нээсэн арабын анхны орон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна