“VAST MONGOLIA” продакшины бүтээсэн “Улаан шугам” баримтат кино энэ оны 12 сарын 18-ны өдөр үндэсний олонх ТВ-ээр олон нийтэд анх удаа хүрнэ. Тус кино нь Ковид19 /CO19/-өөр үүсгэгдсэн цар тахал гэж чухам ямар халдварт өвчин болох, иргэд хэрхэн нүүр тулж эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа болон бусад байдлаар хохирч байсан, цар тахлыг даван туулахын тулд улс орноороо, тэр дундаа эрүүл мэндийн салбар, эмч, мэргэжилтнүүд галын шугамд яаж ажиллаж, тэмцсэн хийгээд энэ үед гарсан алдаа, оноо бүхэн нь бидэнд, бидний хойч үед түүх, туршлага, сургамж болохыг харуулахыг зорьжээ. Үйл явдал, зураглал нь 2020 оны 11 сараас 2021 оны 08 сар хүртэлх цар тахалтай холбогдох зүйлсийг харуулна. Зохиолдоо бодит үйл явдал, тоо баримтыг түлхүү дурьджээ.
Баримтат киноны гол, туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч зохиомжгүй бодит учир тэдний ажил амьдралын бодит түүх дээр тулгуурлан кино зохиолыг гаргасан онцлог болжээ. Зураг авалтыг цар тахлын үед ковидын эмчилгээ үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны нэгэн адил хийж байсан, одоо ч хийж байгаа томоохон эмнэлэг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, Цэргийн төв эмнэлэг зэрэг мөн хамаарал бүхий байгууллага НЭМҮТ, “Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллага дээр хийж гүйцэтгэсэн.
Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан дохионы хэл, хадмал орчуулгатай хийсэн гэдгийг онцоллоо. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьж, хамтран ажилласан нь бас нэгэн давуу тал болсон.
Дэлхийн улс орнууд ковид цар тахалтай хэрхэн нүүр тулсан талаарх өөрийн орны түүхийг “Front line”, “Together strong” зэрэг уран бүтээл болгон баримтжуулан авч үлдсэн. Монгол улс ч санаа аван ийнхүү баримтат кино бүтээсэн гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна