ОХУ-ын эрх баригчид 2014 оноос хойш дэлхийн хорь гаруй орны улс төрчид, албан тушаалтнуудад нөлөөлөх зорилгоор $300 гаруй саяыг нууцаар зарцуулсан тухай баримтыг АНУ-ын төрийн департамент өчигдөр хязгаарлагдмал хүрээнд ил болгожээ.
Энэ хөрөнгийг Москвагийн талыг баримтлагч улс төрчид, улс төрийн хүчнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсныг АНУ-ын тагнуулын албад илрүүлсэн юм байна.
ОХУ-тай хамтран ажиллаж байсан хүмүүс, байгууллагуудын нэрийг ил зарлаагүй ч тодорхой улс орнуудын засгийн газартай нууц мэдээллээ хуваалцсан тухай АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Албани, Босни, Монтенегро зэрэг улсуудад болсон сүүлийн сонгуулиудад Оросын эрх баригчид ийм аргаар нөлөөлсөн гэнэ.
“Путин улс орнуудын ардчиллыг дотроос нь нураахад асар их хэмжээний мөнгө зарцуулж байжээ” гэж АНУ-ын нэрээ нууцалсан албаны хүн ярьжээ.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс энэхүү Москвагийн далд санхүүжүүлэлтийг улс орнуудын “тусгаар тогтнолд халдсан хэрэг” гэж тодорхойлсон байна.
“Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн өөрсдийгөө төлөөлүүлэх, ашиг сонирхол, үнэт зүйлээ төлөөлүүлэх хамгийн зөв засгийн газрыг сонгох чадварыг устгах гэсэн оролдлого юм” гэж тэр мэдэгджээ.
Төрийн департамент нууцаас гаргасан баримтаа Даваа гарагт Европ, Ази, Африкийн олон оронд суугаа элчин сайд нартаа илгээсэн юм байна.
Элчин сайд нар энэ асуудлаар суугаа орныхоо засгийн газарт мэдээлэл өгч, ярилцах үүрэг хүлээжээ. Мөн Оросоос санхүүжилт авсан гадаадын улс төрчдөд визийн хориг тавих зэрэг хориг арга хэмжээ авах зөвлөмжийг дипломатчиддаа хүргэжээ.
Эх сурвалж: Associated Press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна