Мягмар гарагт Хятадын төв телевиз Бээжинд нээгдсэн үзэсгэлэнд зочилж буй тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинийг харуулсан нь есдүгээр сарын дундуур Төв Азийн орнуудад хийсэн айлчлалаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө ил гарсан тохиолдол болжээ.
Тэрбээр Казахстан, Узбекистан улсуудад айлчилсныхаа дараа хэвлэл мэдээллийн дуранд ганц ч удаа өртөөгүй байсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадад төрийн эргэлт гарсан, Ши Жиньпинийг гэрийн хорионд орсон гэх цуурхал зарим сошиал сувгаар тарж байв.
Тэрбээр ирэх сарын дундуур болохоор товлогдсон Хятадын Коммунист Намын их хурлаар гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг баталгаажуулахаар бэлдэж байгаа.
Хятад улсын ерөнхийлөгч дээд тал нь хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хязгаарыг тэр 2018 онд цуцалж байжээ.
Ингэснээр тэр орчин үеийн Хятадын түүхэнд Мао Зэдуний дараа төрсөн хамгийн хүчирхэг удирдагч болох замаа зассан юм.
Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт удааширсан, Тайванийн болон Шинжаан дахь хүний эрхийн асуудлаар Өрнөдийн орнуудтай харилцаа муудсан хүнд цаг үед тэр улс орныг удирдах гурав дахь таван жилээ эхлүүлэх гэж байна.
Тэрбээр таван жил тутамд болдог Хятадын Коммунист Намын их хурлыг угтуулан төрийн өндөр албан тушаалтнуудын дунд ээлжит цэвэрлэгээгээ явуулсан юм. Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Сүн Лижүн, хууль зүйн сайд асан Фү Зэньхуа болон Шанхай, Чончинь, Шаньси хот, бүс нутгуудын цагдаагийн газрын дарга асан эрхмүүдийг энэ удаа авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан нь сүүлийн жилүүдэд болоогүй том цэвэрлэгээнд тооцогдож байна.
Эх сурвалж: Aljazeera
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна